БАЯНХОНГОР: Монголын математикийн олимпиадын хорооны тугийг аялуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-13 10:18:25
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын математикийн олимпиадын хорооны туг Баянхонгор аймгийн ЕБС-иудаар аялж, нэрэмжит тэмцээн уралдаанууд өрнөж байна.

Ирэх онд Монголын математикийн 62 дахь олимпиадыг Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбоотойгоор хорооны тугийг аялуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын "Төгс алгоритм" сургуульд долоо хоногийн хугацаатай аялж, нэрэмжит ажлуудыг зохион байгуулжээ. Тус сургуулийнхан "Алгоритм лиг 7" математикийн олимпиад, "Бод, хөгжилд, хож" дунд ангийн сурагчдын дунд "Математикийн буухиа тэмцээн" зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг тус олимпиадын таван удаагийн аварга багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон тус аймагт зохион байгуулахаар товлоод буй.

Баянхонгор аймаг анх 1996 онд улсын математикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулж байсан бол 30 жилийн дараа буюу 2026 онд математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулахаар болсон юм.

2026 оны олимпиадын нэрэмжитээр тодорсон зөвлөх багш Б.Баяржаргал нь улсын математикийн олимпиадаас 1996, 1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж 5 алт, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч 3 мөнгөн медаль тус тус хүртсэн бөгөөд улсын математикийн олимпиадын түүхэнд багшийн ангилалд 5 түрүүлсэн хүн хоёр байдгийн нэг нь Б.Баяржаргал юм.
Связанные новости