Самбочид ДАШТ-ээс хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Киргизийн Бишкек хотод самбо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ боллоо.
88
орны самбочид спорт болон байлдааны, мөн пара гэсэн ангиллаар аваргуудаа
тодруулж, манай улс хоёр алт, таван
хүрэл медальтай тэмцээнээ дуусгав. Тодруулбал, пара самбо бөхийн төрөлд гавьяат
тамирчин, паралимпын хүрэл медальт Б.Ууганхүүгийн удирдлагад анх удаа гурван бөх
илгээхэд нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. Пара самбын төрлийн 79 кг-д Г.Чулуунсүх алтан медалиар
энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол -98 кг-д Н.Цэрэнтогтох хүрэл
медаль зүүв.
Үүнээс гадна спорт самбын 64 кг-ын жинд Л.Сумъяа алтан медаль хүртэж, Монголын төрийн дууллыг Бишкект хоёр дахь удаа эгшиглүүлсэн бол дэлхийн аварга, хошой мөнгөн медальт Д.Пүрэвдорж +98 кг-ын жинд хүрэл медаль авлаа. Ингэснээр тэр ДАШТ-ий иж бүрэн медальтан болов. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 54 кг-д Н.Баярмаа, байлдааны самбын эрэгтэйчүүдийн 64 кг-д Ц.Төгсболд, эмэгтэйчүүдэд Э.Номинтуяа нар Монголын багийн медалийн тоог ахиуллаа.







Ulaanbaatar