АРХАНГАЙ: “Цахимаас салж, спортод цаг гаргая” өглөөний дасгалыг эхлүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл Архангай” хөдөлгөөний хүрээнд “Цахимаас салж, спортод цаг гаргая” өглөөний дасгалын аяныг эхлүүлээд байна.
Аяныг аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж байгаа ба 2025 оны 10-р сарын 22-ноос 11-р сарын 22-ны хооронд үргэлжилнэ. Энэ хугацаанд
Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшил,
сургууль, цэцэрлэгийн албан хаагчид, иргэдийг хамруулан өглөө бүр 07.30-08.30
цагийн хооронд хөдөлгөөнт дасгал хийж байна.
“Цахимаас
салж, спортод цаг гаргая” өглөөний дасгалын аяны хүрээнд давхардсан тоогоор 20
мянга гаруй иргэнийг хамруулах зорилт тавьсан ба өнөөдрийн байдлаар 38 байгууллагын 1200 гаруй иргэнийг хамруулаад байна.
Мөн “Эрүүл
идэвхтэй амьдралын хэв маяг” сургалтыг Төвшрүүлэх, Цэнхэр, Булган суманд энэ
сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж, 7 байгууллагын 115
иргэнийг хамруулсан
байна.
Сургалт нь эрүүл идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн, гэр бүлийг
төлөвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэхийн ач холбогдлыг сурталчлах,
халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөн хийх арга зүйн
зөвлөмж өгөх зэрэг чиглэлээр мэдлэг олгожээ.
Сургалтын хүрээнд бие бялдрын түвшин тогтоох сорил
судалгааг 115 иргэнээс авахад, 66 хувь нь илүүдэл жинтэй, гурван хүн
тутмын хоёр нь дасгал хөдөлгөөн хийдэггүй байжээ.
ДЭМБ-аас хүний өвчлөл, эрсдэлт зан үйл нь хүний амьдарч байгаа хэв маяг, өөрийн зан үйлээс 55 хувь хамаардаг болохыг тогтоосон байдаг. Энэ нь эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт суралцан, амьдралдаа хэвшил болгох шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Ulaanbaatar