ДОРНОГОВЬ: Газрын тос дамжуулах 521 км урт хоолойг угсарч дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-05 14:13:51

Сайншанд, 2025 оны арванэгдүгээр сарын 5/МОНЦАМЭ/. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын “Экспорт-Импорт” банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.


Үйлдвэрийн гол түүхий эдийг татан төвлөрүүлэх, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлын нийт гүйцэтгэл 89.4 хувьтай байгаа ажээ. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх газрын тосны олборлолтын "Тосон-Уул" XIX талбайгаас Алтанширээ сум хүртэлх 521 км урт хоолойг татаж, гагнаж, газрын хөрсөнд суурилуулж дуусжээ.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн болон газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажилд гадаад, дотоодын 3000 орчим хүн оролцон ажиллаж байгаа юм.


Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багц ажлаас бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, EPC 01 буюу технологийн бус барилга байгууламжууд, EPC 02 буюу атмосферийн болон вакуум нэрлэг, ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд, EPC 03 буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станц, EPC 04 буюу лицензтэй технологийн байгууламжууд бүхий бүтээн байгуулалтыг шат дараатай гүйцэтгэж байна. 


Связанные новости