Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-31 17:10:29

Дархан, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж, "Цагаан алт" хөтөлбөрийн хэрэгжилт, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үндэсний үйлдвэрлэгч "Дархан нэхий" ХК, "Таймлесс" ХХК, "Хатан ивээл хайрхан" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.


Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн ХХААГ-аас хөнгөн үйлдвэрлэл, ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрийн судалгааг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 300 ААНБ хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.




Эдгээрээс арьс шир, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 27 ААНБ-ыг "Цагаан алт" хөтөлбөрт хамруулахаар банк санхүүгийн байгууллага болон батлан даалтын санд холбогдох бичиг баримт материалыг хүргүүлэн ажилласан байна. 


Зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн дээрх байгууллагуудаас аймгийн хэмжээнд зургаан ААНБ хамрагдаж 29 тэрбум 411 сая төгрөгийн зээл авчээ. Тодруулбал ноос, хөөвөр боловсруулах, арьс шир боловсруулах, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Дархан нэхий” ХК 15 тэрбум 541 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.




Арьс, шир боловсруулах Дархан минж ХХК 11 тэрбум 901 сая, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Дархан савхи ХХК 250 сая төгрөг, савхин хувцас, гутал үйлдвэрлэлийн Хатан ивээл хайрхан ХХК 350 төгрөгийн зээл, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн "Таймлесс" ХХК 235 сая төгрөгийн зээлд энэ онд хамрагджээ.


"Дархан нэхий" ХК-ийн тухайд 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдсан байна.


Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шинэчлэх ажлуудыг эхнээсээ хийж угсралт нь дууссан байна. Социализмын үеэс хойш анх удаа шахмал арьс үйлдвэрлэж эхэлжээ.




"Хатан ивээл хайрхан" ХХК нь "Цагаан алт" хөтөлбөрт хамрагдсанаар хүчин чадал нь 50 хувиар нэмэгджээ. Хүннү мөр брэндийн гутлын үйлдвэр өдөрт 150 хос, сард 4000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.




Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдааны "Таймлесс" компани 2007 онд байгуулагдсан бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Энэ хүрээнд 19 дэх жилдээ Норвегийн "Това" компанитай хамтран ажиллаж, жилд 25-30 мянган эсгий шаахай, эсгий улавч бусад бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байна.




Одоогоор 50 гаруй ажилтантайгаар Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Ташрамд, "Цагаан алт" хөтөлбөрийн зорилго нь олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг тэлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх юм. 








Связанные новости