БУЛГАН: "Мал эмнэлгийн аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах нь" сэдвээр нийтийн сонсгол болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-31 09:25:27

Булган, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  "Мал эмнэлгийн аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах нь" сэдэвт нийтийн сонсголд бэлтгэж байна.


Булган аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори нь Булган сумын төвд орон сууц, сургууль, цэцэрлэгийн дунд байрлаж, 1959 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэхүү лабораторийн ойр орчмын газрын хөрс маш их хэмжээгээр пестицидээр бохирдсон гэх дүгнэлтийг 2019 онд Экологийн бохирдлыг арилгах төслөөр илрүүлсэн байдаг ажээ.


Нийтийн сонсголд бэлтгэх ажлын баг хуралдаж, Нийтийн сонсгол зохион байгуулах хэлбэрийг тогтоох, мал эмнэлгийн лабораторийн орчны мэдээлэлтэй танилцах, 2025 оны 11 дүгээр сард болох нийтийн сонсголд хэлэлцэх асуудлын сэдвийг тогтоох, Нийтийн сонсголд бэлдэх ажлын багийн төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг хэлэлцжээ.


Мөн нийтийн сонсголд бэлтгэх ажлын багийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу "Мал эмнэлгийн аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд тус хэлэлцүүлэгт Иргэний нийгмийн байгууллагууд оролцсон байна.


Хэлэлцүүлгээр иргэд ИНБ-уудад мэдээлэл өгөх, санал сонсох, хамтран ажиллах талаар, бохирдсон хөрсийг хэрхэн цэвэршүүлэх, хог хаягдлыг хэрхэн бууруулах, мөн мал эмнэлгийн лабораторийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлуудыг ярилцжээ.


Связанные новости