Залуус ажлын орчин нөхцөл, цагийн уян хатан нөхцөлийг чухалчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-30 15:39:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Манай улсын залуус цалин хөлснөөс илүүтэй ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, цагийн уян хатан нөхцөлийг чухалчилдаг нь “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц” судалгааны дүнгээс харагдаж байна.


Түүнчлэн, залуус ажил хайхдаа албан бус сувгууд ашиглах, танилын хүрээгээ ажилд зуучлуулах нь түгээмэл байгаа нь хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийг хангуулахад сөрөг үр дагавар үзүүлдэг гэжээ.


Иймд залуусын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн төлөвлөлтийг хамтдаа хэлэлцэж, хүний нөөц, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой тодорхойлохоор форумыг ГБХНХЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум" зохион байгуулсан. Энэ үеэр ГБХНХЯ Азийн хөгжлийн банктай хамтран хийсэн тус судалгаа болон “Төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэлгээ өгөх” зөвлөх үйлчилгээний урьдчилсан үр дүнг танилцуулсан юм.



ГБХНХ-ын сайд Т.Аубакир форумыг нээж хэлэхдээ, Залуусын мэдлэг, авьяас чадварыг бүрэн ашиглах нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс учир тэдний хөдөлмөр эрхлэхийг дэмжих олон ажлыг хийдэг. Та бүхний дуу хоолой, оролцоо, судалгааны үр дүнд үндэслэн хөдөлмөр эрхлэхийг дэмжих бодлогыг цаашид улам сайжруулна” гэжээ.


Тус форумд төр, хувийн хэвшил, олон улс, иргэний нийгэм, боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуусын төлөөлөл 200 гаруй хүн оролцжээ. Манай улсын нийт хүн амын 30 орчим хувь нь 15-34 насны залуус байна.


Хэдийгээр залуусын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч мэргэжлээрээ ажиллах, ажлын байранд тавих шаардлагыг хангах, тэдний ажил хөдөлмөрт хандах хандлага анхаарал татдаг билээ. 

Связанные новости