Австри Улсаас 18 жилийн хугацаатай 40 сая еврогийн хүүгүй зээл авна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 17:27:55

Манай улс Бүгд Найрамдах Австри Улсаас 40 сая еврогийн зээл авах болсныг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ.

Тодруулбал Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 18 жилийн хугацаатай, жилийн 0,0 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл авах юм.

Зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.

Хоёр орны худалдааны эргэлт 2015 онд 25 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулбал 56 хувиар өсчээ. Энэ нь Санхүүгийн хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдтэй шууд холбоотой байна. Эрүүл мэндийн салбарын дөрвөн төслийг тус бүр 7 сая евро, Онцгой байдлын гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төслийг 5 сая еврогийн зээлээр амжилттай хэрэгжүүлжээ. “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх” 7 сая еврогийн өртөгтэй төслийг эхлүүлсэн байна.

 Б.Заяа

 

Связанные новости