ЗАВХАН: Эмнэлгийн эмч, ажилтнуудын хүүхдүүдийг түр асарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-27 12:10:43

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг ажилтнуудынхаа бага насны хүүхдүүдийг харах үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ.


Тус эмнэлэг 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулийн багш нарын ажил хаялт зарласантай холбогдуулан эмнэлгийн ажилтнуудынхаа бага насны хүүхдүүдийг түр асрах үйлчилгээг явуулж байна.


Байгууллагынхаа нөөц боломжоор нэг өрөөг тохижуулж үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хүүхэд харах үйлчилгээг ажиллуулж эхэлжээ. Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй эмч, сувилагч, ажилтантай. Эдгээр ажилтнуудын 2-5 насны буюу цэцэрлэгийн, гэртээ харж хандах хүнгүй хүүхдүүдийг осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой түр харах үйлчилгээг нэвтрүүлсэн. Багш нарын ажил хаялт үргэлжилж байгаа энэ үед ажилтнуудынхаа гэр бүлийн нэн шаардлагатай тулгамдсан асуудлын нэг хэсгийг шийдвэрлэх, ажилдаа анхаарч үр дүнтэй ажиллах нөхцөл боломжоор нь хангах. Хүүхдийн сэтгэл зүй, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой нээсэн энэ үйлчилгээ нь тэдний талархлыг хүлээж байна.


Хүүхдүүд өдрийн 09.00-18.00 цаг хүртэл түр асрах байранд өдрийн гурав хоолтой, унтаж амрах, зураг зурах, тоглох, дасгал хөдөлгөөн дуу хөгжмөөр хичээллэх боломжтой юм. Энэхүү түр асрах үйлчилгээ нь цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжтэл үргэлжилнэ хэмээн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн С.Сарантуяа мэдээлэв.

 

Хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийж байна


Связанные новости