Мюнхен хотынхон Олимп зохион байгуулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-27 11:39:58

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 27. /ТАСС/. Мюнхен хотод 2036 ба 2040 оны, эсвэл 2044 оны зуны Олимпын наадам, Паралимпын наадмыг зохион байгуулахын тулд өргөдөл гаргахыг тус хотын оршин суугчид дэмжжээ. Энэ тухай обер-бургомистр /хотын дарга/ Дитер Райтер мэдээлснийг Баварийн нийслэлийн захиргааны цахим хуудсанд нийтэлсэн байна.


“Мюнхений иргэдийн олонх буюу 62 орчим хувь нь Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийг авахын тулд тус хот нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн санал өгсөн, Мюнхений хувьд сайхан өдөр байлаа. Харин өрсөлдөгч хотууд маань ямар хариу үйлдэл үзүүлэх нь надад сонирхолтой байна” гэж Райтер ярьжээ.


Мюнхенээс гадна Берлин, Хамбург хотууд ба Рейн-Рур бүс нутаг Олимпын тоглолтыг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Германы хотуудын оролдлогууд бүтэлгүйтэж  байсан бөгөөд 2022 оны өвлийн Олимпыг Мюнхенд, 2024 оны зуны Олимпыг Хамбург хотод зохион байгуулах гэсэн санааг олон нийт эсэргүүцсэн юм.   


Мюнхений 1,1 сая оршин суугч бүх нийтийн санал асуулгад оролцох эрхтэй бөгөөд ням гарагт болсон санал асуулга нь Олимп өөд тэмүүлсэн эхний алхам байлаа. Одоо тус хот эхлээд Хамбург, Рейн-Рур, Берлин гэсэн дотоодын өрсөлдөгчдөө “ялах” хэрэгтэй. Дараа нь Германы Олимпын спортын холбоо 2026 оны намар тус улсаас нэрээ дэвшүүлэх хотыг эцсийн байдлаар тодорхой болгох ба Олон улсын Олимпын хороо Олимпын наадмыг зохион байгуулах хотыг тодруулна.


Мюнхен хот өмнө нь 1972 онд зуны Олимпыг зохион байгуулсан билээ. Тэр үеэр Палестины зэвсэгт этгээдүүд Олимпын тосгонд нэвтэрч, Израилын шигшээ багийн хоёр тамирчныг хөнөөж, есөн хүнийг барьцаанд авчээ. Тэд Израилын шоронд хоригдож буй Палестины 234 хоригдлыг суллахыг шаардсан байна. Германы эрх баригчид Каир руу нисэхэд нь онгоц гаргаж өгнө гэж амлаад барьцаалагчдыг нисэх онгоцны буудалд ирэхэд нь аюулгүй болгохоор төлөвлөжээ. Гэвч есдүгээр сарын 6-нд явуулсан тусгай ажиллагаа бүтэлгүйтсэнээр барьцааны бүх хүн амиа алдсан байна.  Цагдаа нар таван террористыг устгаж, гурвыг нь баривчилжээ. 

Связанные новости