СЭЛЭНГЭ: Ногоочид зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага
(ЖАЙКА) хамтран хэрэгжүүлж буй Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих” төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Төсөлд Сэлэнгэ аймгийн
Зүүнбүрэн, Мандал, Шаамар сумын 50 ногоочин хамрагдах бөгөөд ногоогоо “Тариад
зарах газар хайх” биш харин “Зарахын тулд тарих” аргачлалд суралцах юм.
Энэхүү аргачлалын зорилго нь
ногоочдыг зах зээлийн эрэлт, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож, түүнд нийцсэн
бүтээгдэхүүн тариалах чадвартай болгоход чиглэж байна.
Төсөл хэрэгжсэний үр дүнд тариаланчид ногооны нэр төрөл, чанар, ургац хураалтын хугацааг эрт, дунд, орой гэсэн ангиллаар төрөлжүүлэн тариалж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг олж авна хэмээн төслийн удирдагч Ноубухиро Мантани, төслийн ажилтан Г.Баасанхүү нар Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тайлбарласан юм.
Өрхийн ногоочдыг хамарч, зах
зээлд суурилсан хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 2024 оноос
эхэлсэн уг төсөл Монгол Улсын нийт 6 аймаг, 12 сум, 1 дүүрэгт хэрэгжиж байна.