Г.Дамдинням: Иргэд хэрэглээндээ тааруулж, шатахуун худалдан авахыг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-22 12:32:48

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны дараа Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “АИ-92 бензинийг өдөр бүр ердийн хэрэглээний түвшинд нийлүүлж байгааг мэдэгдэв.


Салбарын сайд мэдээлэлдээ, “Энгийн өдрүүдэд 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар, 1800 тонн шатахууныг нийлүүлээд ч дугаарлалт татрахгүй байна. Энд тодотгож хэлэхэд, ОХУ манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг. Гэтэл тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч, дотооддоо шатахуунаар доголдож байгаа гэсэн мэдээлэл байна.


ОХУ-ын Засгийн газар уг нөхцөл байдалтай холбогдуулж АИ-92 бензинд он дуустал хязгаарлалт тавиад буй. Гэхдээ манай улс ОХУ-тай хямд нөхцөлөөр шатахуун худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Аравдугаар сард бид 58 мянган тонн АИ-92 бензинийг "Роснефть" компаниас авна. Үлдсэн хэсгийг "Газпром" компани болон БНХАУ-аас авахаар ярьж байна.


Манай улсын гол нийлүүлэлтийг хангадаг "Ангарск"-ийн нефть боловсруулах үйлдвэр энэ жилийн засвараа хийсэн. Одоогоор үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Иймд Ерөнхий сайд, Шадар сайд болон миний бие асуудлыг ОХУ-д зохих шугамаар нь хөндөж тавьж буй.


АИ-92 бензинийг ердийн хэрэглээний түвшинд байгааг дахин хэье. Иймд иргэд сандарч тэвдэлгүй хэрэглээндээ тааруулж, худалдан авахыг уриалж байна" гэв.  

 

Связанные новости