Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын дээд шүүх Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүхийн ил тод байдал-Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” уулзалт өчигдөр боллоо.
Монгол Улсын дээд шүүхийн мэдээлснээр, Улсын дээд
шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Шүүхийн ил тод байдал-Улсын дээд
шүүхээс шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга
хэмжээ” сэдвээр, харин Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар
ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго “Хялбар
ажиллагааны шүүхийн /ДЭИХХААШТШ/-ийн өнөөгийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн
хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвээр мэдээлэл өгсөн байна.
Уулзалтын үеэр сэтгүүлчид “Зарим шүүхийн шүүх хуралдааны танхим харанхуй, микрофон нь ажилладаггүй, шаардлага хангахгүй техникээр дуу, дүрсгүй шууд дамжуулж байгаа нь нээлттэй, ил тод байх зорилго биелэхгүй байна. Түүнчлэн “Shuukh.mn”-д зарим шүүхийн шийдвэр орохгүй байна. Үүнд, гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр орсон ч давж заалдах шатных нь ороогүй, эсрэгээрээ хяналт нь орсон ч анхан, давах нь орохгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагч сэтгүүлчидтай харилцахдаа хүний үндсэн эрхэд халдах тохиолдол түгээмэл гарч байна” гэдгийг онцолжээ.
Түүнчлэн олны анхаарлын төвд орсон авлига, албан тушаалын хэргийн шууд дамжуулалтыг устгалгүйгээр “Youtube” сувагт байршуулдаг болох, шүүхийг сурвалжлахтай холбоотой холбогдох журамд өөрчлөлт оруулж, илүү уян хатан болгох, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний танхимын шүүх хуралдааны зар хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, хэргийн хураангуй товч мэдээллийг багтаах, Шүүхийн академиас хийсэн судалгааг мэдээллийн эргэлтэд оруулах зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныхнаас хүсэв.
Тус уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй мэргэжилтнүүд, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд болон тус байгууллагын төлөөллүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академийн холбогдох албаныхан, шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, Олон нийттэй харилцах ажилтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг 40 гаруй хүн оролцсон аж.