Сумын начин Э.Ганболд Монгол бөхийн өргөөнд гурав дахиа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-20 10:32:47

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумын цолтой болон бөхчүүдийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх сумын начин Э.Ганболд түрүүллээ.


Ингэснээр тэрбээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг сумын цолтнуудын барилдаанд гурав дахиа түрүүлж байгаа юм. Түүний хувьд өмнө нь 2024 оны сумын цолтнуудын хаалт болон Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит барилдаанд түрүүлж байв.


128 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа ёорин барилдсанаас Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан О.Учралбаяр үзүүрлэлээ. Түүний хувьд анх удаа үзүүрлэж байна. Тэгвэл гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан О.Дондов шалгарсан бол тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, “Эв монгол” клубын бөх улсын харцага М.Дармаабазарын хүү сумын заан Д.Нарантулга, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, Эв Монгол клубын бөх, сумын заан Н.Батсуурь нар үлджээ.


Энэ удаагийн барилдааны “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал-ыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын заан Н.Батсуурьд, Уран барилдааны шагнал-ыг сумын заан О.Дондовт улсын заан Ц.Гомбодоржийн охин Орхонсэлэнгэ, Цолд ойрхон бөх-ийн шагналыг сумын заан С.Баярбаатарт аймгийн заан Н.Жамьянсүрэнгийн ач охин Д.Янжиндулам нар тус тус гардуулсан байна. 



Связанные новости