Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 15:50:56

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байна.


Эмээлтэд аж үйлдвэрийн паркийг 2024 оны аравдугаар сард Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулсан. Тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг энэ оны наймдугаар сард сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан.  Кластер парк нь хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлыг хийж, явц 70 хувьтай байна. Инженерийн дэд бүтцийн ажилд төсвийг шинэчилж, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа юм.


Энэ талаар "Эмээлт эко аж үйлдвэрийн парк” компанийн ерөнхий инженер Т.Батдондог хэлэхдээ, “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байрших тус бүсийн үйлдвэрийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байршина. Зураг төсөл боловсруулах ажил хийж эхэлсэн” гэв.


НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах юм. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Монгол Улсын малын гаралтай нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулж, 5600 ажлын байр шинээр бий болох юм.

 

Связанные новости