СҮХБААТАР: Ганга нуурт 2000 гаруй хун иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-09 13:09:26

Баруун-Урт 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Олон улсын нүүдлийн шувуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Сүхбаатар нутгийн бахархал болох хун шувууд болоод жил бүрийн намартаа Ганга нуурнаа сүрэг сүргээрээ цугладаг хунгийн чуулганы талаар мэдээлэл хүргэе



21 булгаар тэтгэгдэн тэжээгддэг, талбай багатай ч цэнгэг устай, өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлэгч Ганга нуурт жил бүрийн намар хун шувууны сүрэг цугладаг. Цаг агаар сэрүүсэж, хүйт орохоос урьтан дэлхийн бөмбөрцгийн хойд талаас хоол тэжээл, дулаан газрыг зорих усны шувууд үүн дотроо хун шувуудын саатан буудалладаг гол газар нь Ганга нуур.

Монгол орны нутаг дэвсгэрт шувуудын нүүдлийн гурван их зам гардгийн нэг нь Ганга нуур юм. Мөн Дарьгангын Дуут, Зэгт Сүхбаатар сумын Хашаатын нууранд ч мөн хун шувууд саатдаг.



Өнгөрсөн долоо хоногт авсан судалгаагаар Ганга нуурт 2000 гаруй хун иржээ. Аравдугаар сарын дунд үе бол хунгийн чуулганы оргил үе гэж үздэг. Энэ үед 5000-7000 хун ирдэг. Огцом хүйтрэхгүй, цаг агаар тогтуун бол хун шувууд нуурандаа хэд бол хэдэн хоногоор саатдаг. Тэдний зарим нь ангаахайгаа гаргаж, бяцхан ангаахай торних хооронд хоол тэжээлээ сэлбэж, хүч тамираа нөөцлөн дараагийн урт аялалдаа бэлддэг байна. Энэ хугацаандаа хун шувууд дуу дуугаа аван ганганан гунганалдахын зэрэгцээ цав цагаан далавчаа төрөл бүрээр хөдөлгөн хос хосоороо нуурын хөвөөнөө бүжих нь цөөнгүй.


Олны дунд Мянган хунгийн чуулган хэмээн алдаршсан энэ үйл явцыг үзэх гэж Сүхбаатар аймгийн Дарьганга сумыг зорих жуулчны тоо аравдугаар сард эрс нэмэгддэг.


Гэхдээ үүнийг үзэх гэж яаралгүй, мөн зорьж очилгүй ямар нэг тохиолоор хунгийн чуулгантай тааралдах нь илүү билэгшээлтэй гэж монголчууд ярьдаг. Буцаж буй шувуудын хойноос нулимс унагах, гуниглах зэргийг цээрлэдэг. Явж байгаа амьтан үлдэж байгаа бүхний сайн сайхныг нь хаман оддог учир буцах шувуудын цувааг харахыг ч хориглодог эртний заншил бий.



АЛТАН ОВОО



Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дарьганга сум бол Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур, Оргихын булгийг Монгол орны өнцөг булан бүрээс хийгээд гадаадын жуулчид ч зорих нь цөөнгүй.

Алтан овоо нь Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөрт оршдог. Дарьганга сумын төвд сүмбэрлэх уг уул нь Сүхбаатар аймгийн төдийгүй Монголчуудын шүтээн юм.

2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тахиж тайх болжээ. Ингэхдээ 2004 онд оройд нь байх ганжирыг бүрэн алтадсан гэдэг. Алтан овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо бөгөөд эрчүүд л гарч сүслэн мөргөж, идээ будааны дээжээ өргөдөг. Харин эмэгтэйчүүд овооны хормой бэлээр гороолж, мөргөнө. Алтан овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд галт уулын хүрмэн чулуу элбэгтэй.


ШИЛИЙН БОГД



Ази тивийн 500 орчим галт уулын 200 гаруй нь Дарьгангын талд бий. Тэдний хамгийн өндөр нь Шилийн богд бөгөөд далайн төвшнөөс дээш 1778 метр өндөр. Сүхбаатар аймгийн хамгийн өндөр цэг гэж ч тодорхойлдог. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана


Шилийн богд орчимд 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий. Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно, үнэг элбэг.

Связанные новости