Ахмад бөхчүүд ням гарагт Монгол бөхийн өргөөнд зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-03 09:51:30

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран ахмад бөхчүүдийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулдаг болсон билээ.


Ээлжит барилдаан энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Өмнөговь аймгийн нэрэмжит барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд зодоглох бөгөөд 45-49, 50-54, 55-аас дээш гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулна. 30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдааны түрүү бөхийг гурван саяар мялаах бол үзүүрлэсэн нь хоёр, их шөвөгт шалгарвал нэг сая төгрөг гардах аж. Түүнчлэн шөвгийн наймд шалгарсан бөх 500 мянган төгрөгийн бай авах юм.


Ташрамд дурдахад, 2023 оны сар шинийн ахмадын барилдаанд улсын начин М.Жамъянпүрэв түрүүлж, заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэж байжээ. Харин одоогоос 10 жилийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан ахмад бөхчүүдийн барилдаанд улсын начин Б.Адъяахүү түрүү бөхөөр тодорч, хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж байв.

Связанные новости