ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус есдүгээр хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-30 17:51:12

Дархан, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын  ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус есдүгээр хуралдаан даваа гарагт боллоо.


Хуралдаанаар Аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөг батлах, 2025 оны төсөвт тодотгол хийх тухай, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах, Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах, Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих тухай, Машин цагийн зардлын тарифыг батлах тухай гэсэн зургаан асуудлыг хэлэлцлээ.




Хуралдаан 9:00 цагт 95 хувийн ирцтэй эхэлсэн боловч хэлэлцэх асуудалтай холбоотой зарим асуудлаас шалтгаалан Ардчилсан намын бүлэг хоёр цагийн завсарлага авсан. Хуралдаан завсарлагааны дараа эхэлсэн боловч МАН-ын бүлгээс мөн завсарлага авч үндсэн хуралдаан 13:00 цагт албан ёсоор эхэллээ.


Удаан үргэлжилсэн хуралдаан үндсэн асуудлыг тухайн өдөртөө хэлэлцэх журмын дагуу 00:00 цагтай уралдан хуралдаж шийдвэрлэв.


Үүнээс гурван асуудлыг бичиг баримт, бусад асуудлын боловсруулалт шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар батлахаас татгалзаж дараагийн хуралдаанаар оруулахаар нээлттэй орхилоо.




Тухайлбал, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах, Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах, Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих тухай гэсэн гурван асуудлын эхний хоёрыг хэлэлцээгүй, гурав дахь асуудлыг хэлэлцсэний эцэст дахин боловсруулалт хийх, дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэх, судалгаа хийх гэсэн саналыг үндэслэн боловсруулалтын шатанд буцаасан бол үлдсэн гурван асуудлыг хэлэлцэн баталлаа.

Связанные новости