Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, Монгол, Лаос хоёр улс эртний түүхэн холбоо, оюун санаа, өв соёлын түүхэн уламжлалтай, найрсаг дотно харилцаатайг онцолсон. Тэрбээр, Хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээр хол оршдог ч “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирлээ.
Манай улс АСЕАН-ы орнуудтай улс
төрийн сайн харилцаатай, хоёр талын таатай, найрсаг харилцаандаа үндэслэн улс
төр, аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийн төлөө
байдаг. Бид Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа,
эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө
байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Лаосын улс төрийн яриа хэлэлцээ эрчимжиж,
дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж буйд баяртай байна
гэлээ.
Лаос Ард Улсын
Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос- Монголын парламентын
бүлгийн дарга Вонгсак Пантавон, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга
Д.Жаргалсайханы урилгаар Монголын сайхан оронд дахин айлчлах завшаан олдсонд
баяртай байна гээд, хоёр улсын харилцааг ирэх он жилүүдэд шат ахиулан “Иж бүрэн
түншлэл”-ийн түвшинд хүргэх цаг үе болсныг тодотгон хөндсөнд талархал
илэрхийлэв. Тэрбээр, цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг
сайжруулахад саад болж буй тээврийн асуудалд анхааран агаарын замыг нээх ажилд
анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр улс далайд гарцгүй ч агаарын замыг нээх асуудлыг түргэн шийдвэрлэснээр аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн боловсролын салбар болон парламентын бүлгийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан болон Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.