ДАРХАН-УУЛ: Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Орхон сум дотоодын төмс, хүнсний ногооны 17-20 орчим хувийг дангаараа хангаж байна. Гантай жилийн халуунд ч тус сумын иргэн, ААНБ-ууд хаврын тариалалтын үр шимийг намрын улиралд хүртэхийн тулд хөдөлмөрлөсөөр иржээ.
Жимс, ногооны сангийн аж ахуй нэрээрээ улсдаа танигдсан Орхон сум 58 жилийн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хүн амын хүнсний хэрэгцээний чухал хэсэг болсон нарийн ногоо тарьж, ургуулж, үйлдвэрлэж байна.
Мянга гаруй өрхийн 3084 иргэн оршин суудаг тус сум энэ жил 1675.7 га талбайд 324 өрх, зургаан ААНБ тариалалт хийжээ. Хүнсний ногоо 1430.6 га талбайгаас нийт 33.8 мянган тонн ургац хураан авахаар урьдчилсан судалгаа гарчээ. Одоогийн байдлаар 192 га талбайгаас таван төрлийн 1757 тн хүнсний ногоо хураан авсан байна.
Цаг агаарын нөхцөл байдал хүндхэн, хур тунадас ороогүй, хуурайшилт ихтэй энэ жил усалгааны систем болон бусад усалгаа ашиглажээ.
Орхон, Ерөө, Шарын голын бэлчир нам дор газар байрлалтай, тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой, үржил шим сайтай хүрэн бор хөрстэй тус сумын тариаланч өрхүүд ургац хураалтаа ирэх сарын эхэнд дуусгахаар ажиллаж байна. Ургац хураалтад оюутан залуус оролцож намрын ажилд гарч байна.
Цаашид эргэлтийн талбайг нэмэгдүүлж улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний
хангамжийг нэмэгдүүлэх боломж бий.