ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 60 хоршоо дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үйл ажиллагааны таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 70 хоршоо байгуулж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, хамтын хүчээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг эргэлтэд оруулахаар нэгдсэн байна.
Энэ хүрээнд Зээлийн батлан даалтын сан, Төрийн банк хамтран төрийн банканд батлан даалттай зээлийн хүсэлт ирүүлсэн хоршооны мэдээллийг газар дээр нь судалгаа хийж, 6 хоршооны 500.0 сая төгрөгийг батлан даалттай зээлийн шийдвэрийг гаргажээ.
Хөдөлгөөний үйл ажиллагааг сум бүрд ач холбогдол, үр нөлөөг сурталчлан таниулах, идэвхжүүлэх зорилгоор дөрвөн сумын засаг дарга нар захирамж гарган ажлын төлөвлөгөө батлуулжээ.
"Шинэ хоршоо" хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 1196 малчин өрхөд шинэ хоршооны хөдөлгөөний мэдээллийг хүргэж, бүс, аймгийн зөвлөгөөнд нэг удаа, гурван удаа сургалт зохион байгуулж 1220 малчдыг хамруулсан байна. Нийт 60 хоршооны 113 малчин өрх дөрвөн тэрбум 120 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
Сумдаар авч үзвэл, Орхон сум 346 малчин өрхөөс 25 хоршоо байгуулж нийт 29 хоршоо нэг тэрбум 111 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бол Хонгор сум 663 малчин өрхөөс 30 хоршоо бичиг баримтаа бүртгүүлснээс 29 хоршоо байгуулж, малчдын хөрөнгө оруулалтын зээлд хамрагдахаар төрийн, хаан банканд зээл судлуулж, хоёр тэрбум 138.5 сая төгрөгийн зээл авчээ.
Шарын гол сумын хувьд газар нутаг жижиг, малчин өрх бусад сумаас харьцангуй бага бөгөөд 77 малчин өрхөд "Шинэ хоршоо" хөдөлгөөний мэдээллийг танилцуулж шинээр дөрвөн хоршоо байгуулж, хоршооны дөрвөн малчин өрх 200.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна.
Харин Дархан сумын хэмжээнд 110 малчин өрх байдаг. Үүнээс 12 хоршоо байгуулж 671.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн мэдээлэв.
Энэ оны мэдээлэл нэгтгэгдээгүй бөгөөд
малчдын зээлийн дүн мэдээллийг авахад бага зэрэг саатаж байгааг онцолж байна. Учир
нь хувь хүний мэдээллийн нууц гэдэг шалтгаанаар зээлийн дүн мэдээллийг Монгол банк
болон бусад банкнуудаас авах боломжгүй болжээ.