Р.Хатанбаатар: Улсын Бага Хурал улс орныг тэс өөр тогтолцоонд шилжих үед ажилласнаараа онцгой ялгардаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-18 14:37:01

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатартай ярилцлаа.


-Байнгын ажиллагаатай парламент үүсэх урьдач нөхцөл нийгэмд хэр хангагдсан цаг үе байв. Манай улс парламентын үндэс суурийг хэрхэн тавьж байв?

-Хоёул ярилцлагаа ойрын түүхээс эхлэе. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсан цагаас монголчууд бид нэгдүгээрт, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг дэлхийн бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэх, улс орноо тухайн цагийн дэлхийн жишиг хандлагаар хөгжүүлэхийг эрмэлзэж байв. Тухайлбал, Их Монгол Улсын үеэс уламжлалтай зөвлөлдөх, бодлого тодорхойлох бүтэц болох Хуралдайн уламжлалаа сэргээх, шинэчлэх үүднээс Улсын Дээд, Доод Хурлыг байгуулж, 1915 онд хууль зүйлийн бичиг боловсруулах албыг хүртэл байгуулж байсан түүх бий.


Улмаар 1990-ээд онд дэлхий нийтэд, тэр тусмаа социалист системийн гэгдэж байсан улсуудад гарсан их өөрчлөлт Монгол оронд нийгмийн байгуулал, төрийн тогтолцоогоо орчин цагийн жам ёсны дагуу өөрчлөх амаргүй сорилтыг тулгасан байдаг. Чухамхүү нийгмийн шилжилтийн эгзэгтэй энэ үед монголчууд ардчилсан хөгжлийн замыг сонгож, 1990 оны тавдугаар сарын 10-нд БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан, Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталж, Монгол оронд нэг нам удирдан чиглүүлэх социалист төрийн тогтолцоог халах анхны том алхмыг хийсэн юм.


Уг хуулиар Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх Ардын Их Хурал, Улсын Бага хурал, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газар гэсэн тогтолцоог орчин цагийн үндсэн хуульт ёсны чиг хандлагын дагуу байгуулах, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг сонгож байхаар тогтоосон юм. 1990 оны долоодугаар сарын 29-нд Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж, Ардын Их Хурлыг сонгосны зэрэгцээ тухайн үед байсан улс төрийн намуудын нэрээр санал авч, анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулах намууд төлөөллийн тоог тогтоосон байдаг. Ингэснээр 1990 оны есдүгээр сарын 13-нд хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага Улсын Бага Хурал ажиллаж эхэлсэн юм.


-Улсын Бага Хурал хоёр хүрэхгүй жилийн хугацаанд ажилласан. Энэхүү хугацаанд танхимын бүрэлдэхүүн хэрхэн ажиллаж байв. Хоёр жил гэдэг юм хийе гэсэн үед бас ч их хугацаа биш шүү дээ?

-Улсын Бага Хурал улс орон нийгмийн нэг тогтолцооноос тэс өөр шинэ тогтолцоонд шилжих үед ажилласнаараа өмнөх үеийн Ардын Их Хурал, дараа үеийн Улсын Их Хурлаас онцгой ялгарна л даа. Шилжилтийн үеийн нийгэм болон эдийн засгийн харилцааны үндсийг тогтоох хуулиудыг батлах нь тухайн цагтаа өмнө байгаагүй цоо шинэ үзэгдэл байв.


Төрийн тогтолцоо, байгууллын талаарх эрх зүйн үндэс нь Нэмэлтийн тухай хуулиар ерөнхийдөө тодорхой болсон бол эдийн засгийн харилцааны үндэс, улсын төсөв, өмч, аж ахуй эрхлэлт, банк, татвар гээд бүгдийг шинээр хуульчлах, эрх зүйн үндсийг нь тогтоох шаардлага үүссэн. Жишээлбэл, улсын өмч, хоршооллын өмч гэж байснаас хувийн өмч гэсэн ойлголт байсангүй. Малчдын хэдэн малыг хүртэл амины өмч гэж нэрлээд, тодорхой хязгаараас хэтэрч болохгүй гээд тоо толгойг нь заачихсан байлаа шүү дээ.


Өмч хувьчлалын тухай хууль, Компанийн тухай хууль, Банкны тухай хууль гэх мэтээр шинэ эдийн засгийн харилцааны үндсийг тогтоох олон хуулийг богино хугацаанд баталж чадсан нь Улсын Бага Хурлын томоохон гавьяа юм. Хэдийгээр манай улс социалист нийгмийн үед улс ардын аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёлын гээд бүх салбараа төлөвлөгөөтэй хөгжүүлж байна гэдэг байсан боловч улсын төсвөө бие даан бүрдүүлж чаддаггүй, ажиллаж байсан үйлдвэр, аж ахуйн газрууд нь зах зээлийн харилцааны эхний өдрөөс л оршин тогтох чадваргүй нөхцөл байдалтай нүүр тулсан. Ийм л хүндрэл бэрхшээлийг улс орноороо даван туулах ажлыг Улсын Бага Хурал, Засгийн газар удирдан зохион байгуулсан юм. Энэ үед Улсын Бага Хурал үндсэндээ долоо хоногийн зургаан өдөр нь өглөөнөөс шөнө дунд хүртэл хуралдаж ажилладаг байлаа.


-Улсын Бага Хурлын түүхэнд үзүүлсэн үүрэг оролцоо, ач холбогдлыг дүгнэж хэлэхгүй юу?

-Товчхондоо бол, Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн эрх зүйн үндсийг бий болгосон. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бий болголоо. Шинэ Үндсэн хуулийн төслийг анхлан хэлэлцэж, бүх ард түмнээр хэлэлцүүлэн саналыг нь тусгаж, Ардын Их Хурлаар хэлэлцэн батлахад бэлэн болгосон гавьяатай.


-Өнөөдөр бид 126 гишүүнтэй парламенттай болоод байна. Гишүүдийн тоог нэмсэн нь зарим талаараа нийгэмд маргаан, шүүмжлэлийг дагуулсан. Гэсэн хэдий ч парламентын тогтолцоог хөгжүүлж буй нь нэг илрэл гэж үзэж болох уу?

-Парламентын гишүүдийн тоог олон, цөөн гэж дүгнэх нь өөрөө харьцангуй асуудал л даа. 1992 оны хүн амын тооноос өнөөгийн хүн амын тоо хамаагүй их өссөн. Тийм болохоор гишүүдийн тоог нэмэх нь зөв буруу гэж ярих нь асуудлын зөвхөн нэг талыг л харж буй хэрэг. 1992 оны Үндсэн хуулиар манай улс парламентын засаглал бүхий бүгд найрамдах улсын тогтолцоо, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгосон. Төрийн ийм тогтолцооны гол шинж чанар нь төрийн эрх мэдлийг хуваарилж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах явдал юм. Чухамхүү энэхүү хяналт-тэнцлийг ханган ажиллаж чадаж байна уу гэдэг бол төр барих урлаг юм даа.


Ер нь парламентын засаглалтай улсад парламентын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг жишиг дэлхийн олон улсад бий. Манайд ч энэ практикийг олон янзаар туршиж, заримдаа бүрмөсөн хорьж ч байсан удаатай. Парламент 76 гишүүнтэй байхад тэдний 20-иод нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж, ингэснээр хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл алдагдаж, хяналтгүй төртэй болж байсан гашуун туршлага ч бий. Үүнийг даван туулах нэг гол арга нь “давхар дээл”-тэй парламентын гишүүдийн тоог хязгаарлах явдал юм хэмээн үзээд, 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байв.


Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө дагаж мөрдөөд, үүнд нь зохицоод ажиллахын оронд 2022 онд Үндсэн хуулийн Цэцтэй хамжиж байгаад, 2019 онд тогтоосон дээрх “давхар дээлийн” хязгаарлалтыг аваад хаячихсан. Тэгэхээр нөгөө хяналтгүй төрийн тогтолцоо эргээд гараад ирсэн. Одоо үүнийг давах арга бол парламентын гишүүдийн тоог нэмэх явдал гэж үзээд, 2023 онд гишүүдийн тоог нэмээд 126 болгочихлоо. Үндсэн шалтгаантайгаа биш, гишүүдийн тоо гэдэг юмтай л үзэлцээд байна. Ямар ч байсан Үндсэн хуульдаа ийнхүү ойр ойрхон халдаад байгаа нь сайн зүйл огт биш. Дэлхийн олон орны туршлагаас харахад, Үндсэн хууль нь тогтвортой улсууд илүү тогтвортой хөгжсөн, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байдаг.


-Цаашид парламентын тогтолцоог бэхжүүлэх тал дээр анхаарах ямар асуудлууд байна вэ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Парламент хууль тогтооно, Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангана, хуулийн хэрэгжилтэд парламент хяналт тавина. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд парламент хяналт тавина. Энэ бол парламентын тогтолцооны амин сүнс. Улсын төсөв бол парламентаас баталсан хууль. Парламентын тогтолцоог бэхжүүлнэ гэдэг бол парламент хууль тогтоох болон хуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн хоёр үндсэн чиг үүргээ адил тэгш биелүүлнэ гэсэн үг.


Манай парламентын хувьд хяналтын чиг үүрэг нь доголдоод байна уу даа гэсэн бодол надад байдаг. Ялангуяа, төсвийн хяналт тун сул байна. Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг энэ жил парламент дээр ярих нь тун хангалтгүй. Парламентат ёсны олон жилийн туршлагатай улсуудыг харахад төсвийн зарцуулалт, хэрэгжилтэд явцын дунд нь хяналт тавихад илүү анхаардаг нь ажиглагддаг.


Связанные новости