Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-09-13 14:27:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа төв талбайд танилцуулж байна.


Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр “2025 онд Агаарын чанарыг сайжруулах бүсийн журмыг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд ногоон, шар бүсийн өрхүүдийн агаарын бохирдлыг бууруулна. Ногоон бүсэд 103 мянга орчим өрх, шар бүсэд 67 мянга орчим өрх багтаж буй.


Ногоон бүсийн айл өрхүүдэд хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулж, хий болон цахилгаан түлшний хэрэглээнд нэвтрүүлнэ. Энэ онд Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хороонд 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж байгаа. Энэ хүрээнд 50 мянган өрхөөс түүврийн аргаар судалгаа авсан. Гэрт амьдардаг өрхийн 77 хувь, байшин сууцтай өрхийн 79 хувьд дулаан алдагдал өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс хийн түлшинд шилжих 5000 өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг үе шаттай хийнэ.


Монгол инженерийн зохион бүтээсэн хийн халаалтыг нэвтрүүлнэ. Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшнээс гадна хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байна. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад хагас коксон шахмал түлшинд хүхэрлэг хийн агууламж 10 дахин бага, азотын исэл 9 дахин бага, угаарын хий 3000-аар бага, нийт тоосонцрын агууламж 3 дахин бага. Тиймээс хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 40 гаруй хувьтай буурна” гэв.

Связанные новости