ОРХОН: “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” өндөр түвшний уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-11 12:19:41

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах шийдэл, туршлага, бодлогын чиглэлийг хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ”Эрдэс баялгийн тогтвортой хөгжил” өндөр түвшний уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа. 


Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, Канад Улсын Уул уурхайн ассоциац хамтран уул уурхайн өнөөгийн байдал цаашдын төлөвлөлт хөгжлийн талаар хэлэлцлээ. 


Тус үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр оролцож “Аймгийн нийгэм эдийн засгийн байдал, уул уурхайн салбарын хамаарал, хамтын ажиллагаа” сэдэвт илтгэл танилцууллаа. 


Орхон аймаг, Уул уурхайн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагын гэрээ байгуулах, Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, хөдөлмөр эрхлэлт, бизнес, эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон уул уурхайн үйл ажиллагаатай холбогдон гарч буй боломжууд нь орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй байх, уул уурхайн чиглэлээр сурч буй орон нутгийн оюутан сурагчдыг хамтран дэмжих, төгсөөд орон нутагтаа ажиллах боломжоор хангах зэрэг саналыг аймаг, орон нутгийн зүгээс дэмжин танилцууллаа.

 






Связанные новости