АРХАНГАЙ: Дэлхийн өвд бүртгэгдсэн буган хөшөөд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-11 11:19:20

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2023 онд болсон 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн.


Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй хосгүй үнэт өв юм.


Үүний дотор Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны хөндий, Өндөр-Улаан сумын Жаргалантын амны буган чулууны дурсгалт газруудыг энэ дэлхийн өвд бүртгэгдсэн.


Ихтамир сумын Баянцагааны хөндий дэх буган хөшөө


Ихтамир сумын Бугат багийн нутаг Баянцагааны голын хөндийн зүүн биед хэсэг булшны дунд уг хөшөөний орой цухуйж байсныг малтаж үзэхэд 4.04 метр өндөр, 0.51 метр өргөн, 0.41 метр зузаан хэмжээтэй эвдэж сүйдээгүй, эрт цагт унасан буган хөшөө байжээ. Энэ хөшөө булаастай байсан тул урьд өмнө шинжигдээгүй болох нь тодорхой байжээ.


Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт том жижиг хоёр цагираг (нар, cap) түүний доогуур хөшөөг тойруулан нэгэн эгнээ олон хонхор гаргаж, хөшөөний дунд хэсгээр ороолгон долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Бугуудын доогуур хөшөөг тойруулан 38 см өргөн бүс хонхойлон цохиж гаргаад бүснээс дүүжилсэн байдалтай нум сум, саадаг, байлдааны зээтүү мэт зэвсэг (түүн дээр долоо ба 31 дөрвөлжин хонхор гаргаж), чинжаал хутга, бамбай зэргийг дүрсэлжээ. Бүснээс доош дөрвөн морь цохиж дүрсэлсэн байжээ.


Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хөшөө дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.


                                           Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн Буган чулуун хөшөө, хиргисүүр


Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн Буган чулуун хөшөө, Хиргисүүрийн цогцолбор бүхий түүхийн дурсгал нь түүхийн он тооллыг 2000 гаруй жилээр урагшлуулж буйг судлаачид хэлдэг. Археологич, түүх судлаач, эрдэмтэд буган хөшөөд, тахилгын газрын олдворын эд өлгийн зүйлсийн шинжилгээний дүн Хүннү гүрнээс 2000-аад жилийн тэртээ он цагт хамаарагдахыг тогтоосон байна.


Энэ нь монголчуудын түүхийг улам батжуулж баяжуулах гэрэлт ирээдүйг харуулж байгаа аж. Жаргалантын амны цогцолбор дурсгалыг 1960-аад оноос судалж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хоёр өөр цаг үед холбогдох хоёр төрлийн нийт 660 гаруй тахилгын байгууламж, олон тооны дагуул бүхий хиргисүүр, 30 гаруй буган хөшөө байгааг нь тогтоожээ. Буган хөшөөдийн дүрслэл нь маш уран нарийн хийцтэй, буга, согоо, эрээн бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн гоёмсог дүрсүүд бий. Хэмжээний хувьд 1-3.89 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0.5-4 тн хүртэл жинтэй асар том хөшөөд юм.

Связанные новости