ДОРНОГОВЬ: Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-09 15:29:51

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас Намрын ногоон өдрүүд”-2025 үзэсгэлэн худалдааг  22 дахь жилдээ зохион байгуулж байна.


Өнөөдөр эхэлсэн үзэсгэлэн худалдаанд 14 сумын 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн нэг байгууллага, банк, санхүүгийн хоёр байгууллага оролцож бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ сурталчлан хүргэж байгаа юм.


Өнгөрсөн жил Дорноговь нутагт цаг агаар таатай салхи шуургагүй өнтэй өвөл болсон төдийгүй бороо хур ихтэй сайхан зун болсон тул малчид малын гаралтай түүхий эд, ааруул, өрөм, тараг, шар тос, ингэний хоормог гээд олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулж хэрэглэгчдэд хүргэж буй. Нэг кг ааруул үйлдвэрлэх онцлог, хийцээс болж 30-40 мянган төгрөг,  шар тос 0.5 кг нь 35, монгол нэрмэл 10 мянга, тарвас нэг кг нь 5000 төгрөгөөр тус тус худалдаж байна.


Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн онцлог нь үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг сайжруулсан, бүтээгдэхүүний нэр төрөл олширсон зэрэг ахиц дэвшил гарсан байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Үзэсгэлэн худалдаа хоёр хоног үргэлжилнэ.   




Связанные новости