ДОРНОД: Баян-Уул суманд таван сая гаруй мод үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/.
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангид нарс, шар хуайс, агч,
бургас, улиас зэрэг таван сая гаруй модыг үрээр болон тарьцаар үржүүлж байна.
Тус мод үржүүлгийн газарт энэ жил зургаан нөхөрлөл, иргэн ажиллаж байгаа юм.
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран хэрэгжүүлсэн
төслийн хүрээнд дээрх мод үржүүлгийн газрыг байгуулаад байна. Тодруулбал, “Тэрбум
мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулж,
чадавхийг бэхжүүлэх замаар ойн нөхөн сэргээлт хийх төсөл”-ийг Дорнод аймагт
хэрэгжүүлсэн.
Энэхүү ойн ангид үржүүлсэн модыг Эрээний давааны доройтсон ойг нөхөн сэргээхэд ашиглана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 40 сая мод тарих тарьц суулгацын нөөцийг бүрдүүлж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймаг хоёр сая орчим мод тарьжээ.