ХОВД: Энэ сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-06 10:20:00

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь удаагийн үйл ажиллагаа энэ сарын 10-нд Ховд аймагт болно.   


Тус аймгийн ИТХ-аас хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан тусгай хөтөлбөр гаргажээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 10.00 цагт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгуулна. Мөн Ганданпунцагчойлин хийдэд буяны ном хурах тул иргэдийг нээлттэй оролцохыг уриаллаа.  


Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт 1921 онд эхлэлтэй бөгөөд 1937-1939 онд их хэлмэгдүүлэлт болжээ. 


УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг ‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’ болгосон юм.  


Үүнээс гадна улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговор олгож буй.      


Ховд аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 1700 гаруй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 20 хүнд нөхөх олговор олгох эрх үүсжээ.   


Связанные новости