Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
Саяхан илрүүлсэн уг сүүлт одны хамгийн өндөр нарийвчлалтай зургуудыг
Чили дэх “Gemini South” дуран авайгаар өнгөрсөн сарын сүүлчээр авсан байна. Тэдгээр
зургаас үзэхэд, Нарны зүг хурдалж буй мөсөн бөмбөлгийн эргэн тойронд
тоос, хийн өргөн бүрхүүл байгаа нь
харагдсанаас гадна сүүл нь өмнөх зургуудтай харьцуулахад илүү уртассан
байжээ.
Энэхүү сүүлт од нь манай нарны аймагт ямар нэгэн хор хөнөөлгүйгээр урагшлах явцдаа илүү идэвхтэй болж байгааг шинэ зургууд баталж байна гэж дуран авайг хариуцдаг Үндэсний сансрын сангийн “NoirLab” төвөөс мэдээлсэн байна. Энэ бол манай сүүн замд “хөл тавьж буй” гурав дахь одод хоорондын биет юм.
НАСА-гийн мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар “3I-Atlas” нэртэй сүүлт
од Дэлхийгээс 384 сая км-ийн зайд байсан бөгөөд улам бүр
ойртсоор байна. Улмаар 10 дугаар сарын сүүлээр Наранд хамгийн ойр зайд очих бөгөөд дараа нь 12 дугаар сард Дэлхийд хамгийн ойр буюу 269 сая км зайд дөхөж ирнэ. Энэ нь Дэлхий, Нар хоорондын зайнаас хол юм.