Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-26 13:59:05

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ /.Цаг уур орчны шинжилгээний газраас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар.  Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас (ОЖД) дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Баян–Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Говь–Алтайн баруун хойд хэсгээр хур тунадас ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1-3 градус сэрүүн. Цаашдаа нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цаг агаарын муудах төлөв ажиглагджээ. Ялангуяа хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох боломжтой. 


Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх аж. Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Сарын эхээр зарим газраар бороо орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–3 градус сэрүүн байна. Цаашдаа нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар цаг агаар муудах төлөвтэй. Ялангуяа хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед ОЖД–аас 1–3 градус дулаан байх төлөв гарчээ.


Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй. Эхний 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулараа нойтон цас орно. Нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн дунд, сүүлчээр ОЖД–аас 1–3 градус хүйтэн, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 градус дулаан байх төлөвтэй.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард Өмнөговийн баруун хэсгээр агаарын дундаж температур ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бололтой. Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр хур тунадас ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх боломжтой. Нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үеүдэд ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–3 градус сэрүүн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 градусаар дулаан байх төлөвтэй байна.


                                                                                 Уур амьсгалын тойм

Есдүгээр сарын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр агаарын температур 2...8, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18, бусад нутгаар 8...12 градус дулаан байна. 

Мөн сарын агаарын дундаж температур 1979–1997 оны хооронд 18 жил (1988 он ОЖД–ийн орчим) дараалан нийт нутгаар ОЖД–аас 1–3 градусаар хүйтэн байжээ. Гэхдээ 1998, 2000–2003, 2005–2008, 2010, 2016, 2019, 2022, 2023 онд ОЖД-аас 1–3 градусаар дулаан байсан байна.


Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр сарын нийлбэр хур тунадас 25-40 мм, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0-10 мм, бусад нутгаар 10–25 мм ордог. Зарим жил ОЖД-аас хэд дахин их, бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1982-1984, 1987-1989, 1991-1994, 1998-1999, 2003, 2015-2016, 2018, 2021, 2023, 2024 онд зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас оржээ. Гэхдээ 1980, 1995-1997, 2000-2002, 2004-2014, 2019, 2022 онд харьцангуй бага хур тунадастай байжээ. 

 

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх юм. Гэвч баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байна. Нутгийн баруун хэсгээр хур тунадасны харьцангуй бага. Харин нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох аж. 


Сарын эхэнд баруун аймгуудын нутгаар цаашлаад төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байх бололтой. Харин хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар хур тунадас орно. Ялангуяа хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас 1–5 градус хүйтэн байх төлөвтэй. Бусад хугацаанд дунджийн орчим, дунджаас бага зэрэг дулаан байхыг ЦУОШГ-аас мэдээлжээ. 

Связанные новости