Улаанбаатарт үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлд наймдугаар сарын 21-ний 08:00 цагаас наймдугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт үер усны 192 дуудлага бүртгэж, 8560 тонн ус соруулан хэвийн байдалд орууллаа.
Тус дуудлагын дагуу НОБГ, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн 766 алба хаагч 106 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Өчигдрийн хүчтэй борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж, ус зайлуулах шугам бөглөрөх, лаг шавар хуримтлах хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Үүнийг арилгахаар 22:00 цагаас эхлэн нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргийн Онцгой комиссын 555 ажилтан, 66 техник ажиллаж, нийт 43 байршилд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг цэвэрлэлээ.
Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 11 байршилд тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгж, байгууллага, дүүргийн мэргэжлийн байгууллагуудын 55 ажилтан, 11 техник ажиллаж, нийт 355 мянган ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн талаар НЗДТГ-аас мэдээлэв.