“Boeing” компани Хятадад 500 онгоц худалдахаар хэлэлцээ хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 22 /Reuters/. Америкийн “Boeing” компани Хятадад 500 орчим онгоц худалдах талаар яриа хэлэлцээ хийж байна гэж “Bloomberg” агентлаг пүрэв гарагт энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Нисэх онгоц
үйлдвэрлэгч компанийн хувьцаа арилжаа
нээгдэхээс өмнө 2 хувиар
өссөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трампын 2017 онд БНХАУ-д
хийсэн айлчлалаас хойш Хятад, “Boeing”-ийн хооронд хийж буй хамгийн том худалдан авалт энэ болох юм.
Хоёр тал нисэх
онгоцны загвар, төрөл, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нарийн ширийн зүйлсийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд уг захиалга нь дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын хооронд байгуулах худалдааны хэлэлцээрийн гол
хэсэг байж магадгүй гэж дээрх
мэдээнд дурджээ. “Boeing” энэ талаар “Reuters” агентлагт тайлбар өгөхөөс татгалзсан байна.
АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдлын улмаас захиалга нь
зогсонги байдалд ороод буй “Boeing” компанийн хувьд дэлхийн агаарын
тээврийн хоёр дахь том зах зээлд ийм том наймаа хийх нь ихээхэн ач холбогдолтой юм. Хятадын албаны хүмүүс “Boeing”-ийн онгоцонд тавих шаардлагын талаар дотоодын агаарын тээврийн
компаниудтайгаа зөвлөлдөж эхэлсэн гэж “Bloomberg” мэдээлсэн
байна.
Энэ жил Д.Трампын хилийн чанадад хийсэн айлчлалуудын хүрээнд нисэх
онгоцны худалдан авалт нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, энэ
оны эхээр Ойрх Дорнодод хийсэн
айлчлалынх нь үеэр “Boeing” түүхэн дэх хамгийн том захиалгуудынхаа нэгийг авсан бөгөөд “Qatar Airways” 160 ширхэг онгоц захиалсан юм. Мөн Д.Трампыг Саудын
Арабад айлчлах үеэр “AviLease” компани 20 ширхэг “Boeing 737 MAX” онгоц захиалсан билээ.