“Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч”-дийн цэвэр ашиг 2024 оныхоос 2 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-22 13:24:49

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч” /МЗҮАЭ/-дийн 2025 оны 2 дугаар улирлын тайланг Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ нэгтгэжээ.


МЗҮАЭ /ломбард/ 549 байгаагаас 362 нь хуулийн этгээд, 187 нь иргэн ажээ. Эдгээрээс 71 хуулийн этгээд нь СЗХ-нд, 291 хуулийн этгээд, 187 иргэн Аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлсэн байна.


Тус салбарын нийт хөрөнгө 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 336.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн 641.8 тэр бум төгрөгийн зээл олгосон аж.


Хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнгээр нь авч үзвэл 100 сая хүртэлх 431, 100 саяас 300 сая хүртэлх 47, 300 саяас 1 тэрбум хүртэл төгрөгтэй 56, 1 тэрбум төгрөгөөс дээш төгрөгтэй15 МЗҮАЭ байгаа юм.


Эргэлтийн хөрөнгийн 4.1 хувь нь мөнгөн, 57.9 хувь нь зээл , 1.9 хувь нь өмчлөх бусад, 32.8 хувь нь бусад хөрөнгөөс бүрджээ. Харин нийт хөрөнгийн 3.3 хувь нь эргэлтийн бус аж.


Өр төлбөр ба эздийн өмчийн 49. 9 хувийг өр төлбөр эзэлж байна. Өр төлбөрийн 16 хувийг зээл, 9.4 хувийг гаргасан өрийн бичиг, 24.5 хувийг бусад гэсэн ангилалтай байна.


МЗҮАЭ 362 хуулийн этгээд 635.6 тэрбум төгрөгийг 141,515 зээлд гаргажээ. Харин 153 иргэн 6.2 тэрбум төгрөгийг 3976 зээлд олгожээ.


Улсын хэмжээнд хуулийн этгээдээс 1 зээлдэгчид олгосон зээлийн дундаж нь 4.5 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хотод 4.3, орон нутагт 6 сая төгрөг байна.


Харин нэг иргэн дунджаар 1.6 сая төгрөг зээлжээ. Энэхүү үзүүлэлт орон нутагт 0.7 сая төгрөг, Улаанбаатарт 3.4 сая төгрөг гэж гарчээ.


Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа МЗҮАЭ-ийн зээлийн өрийн үлдэгдэл 559.3 тэрбум төгрөг байна.


Хуулийн этгээдийн олгосон зээлийн үлдэгдэл 555 тэрбум төгрөг, иргэнийх 4.3 тэрбум төгрөг байгаа юм.


Улсын хэмжээнд 42 МЗҮАЭ-ийн 158 салбартай, түүний 104 нь Улаанбаатар хотод, 54 нь орон нутагт байршилтай. Түүний 101 салбар нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлжээ.


Салбарын нийт орлого  154 тэрбум төгрөг, түүний 95 хувь нь зээлийн хүү, 0.3 хувь нь харилцах, хадгаламжийн хүү, 1.3 хувь нь бусад хүүгийн үлдсэн 3.4 хувь нь бусад орлогоос бүрдэж байна.


Зарлага 74.4 тэрбум төгрөг, зардлын 38.7 хувь нь үйл ажиллагааны, 17.9 хувь нь цалингийн, 7.3 хувь нь орлогын албан татвар, 3.6 хувь нь түрээсийн, 2.4 хувь нь НДШ, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, 30.1 хувь нь бусад зардал ажээ.


Мөн цэвэр ашиг 79.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Связанные новости