Аргентинд хөл бөмбөгийн гурван хөгжөөн дэмжигч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-21 15:54:01

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны наймдугаар сарын 21. /ТАСС/. Өмнөд Америкийн цомын тэмцээний шөвгийн 16-д учраа таарсан Аргентины "Индепендьенте", Чилийн "Универсидад де Чили" багуудын тоглолтын үеэр дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас гурван хөгжөөн дэмжигч амиа алджээ.


Тоглолт Аргентины нийслэлээс холгүй орших Авельянеда гэдэг хотод болсон байна.


Нөхцөл байдал хурцадсан тул тооны харьцаа 1:1 байх үед 62 дахь минутанд тоглолтыг зогсоожээ. Эмх замбараагүй байдлын үеэр олон зуун хөгжөөн дэмжигчид, тэдний хүүхдүүд хүнд хөнгөн гэмтэл бэртэл авснаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Цагдаа нар 300 гаруй хүнийг баривчилжээ.


Чилийн Ерөнхийлөгч Габриэл Борич болсон явдлыг буруушаагаад, хөгжөөн дэмжигчдийн ширүүн догшин авир, тоглолтыг зохион байгуулахад хариуцлагагүй хандсан зэрэг нь эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлснийг дурдаад, буруутай этгээдүүдийг шийтгэхийг уриалсан байна.   


Тоглолтыг үргэлжлүүлэн явуулаагүй бөгөөд одоо тус хоёр клубийг тэмцээнээс хасаж, улмаар 2026 оны эцэс хүртэл олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийтгэл ногдуулж магадгүй байна. Чилийн багийн талбайд 14-нд болсон тоглолтод талбайн эзэд 1:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожжээ.


Өмнөд Америкийн цомын тэмцээн бол зэрэглэлийн хувьд тус бүс нутгийн клубүүдийн дунд явагддаг хоёр дахь том тэмцээн бөгөөд ялагч баг Либертодоресийн цомын тэмцээнд оролцох эрх авдаг байна.  

Связанные новости