НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-10 11:11:43

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/ 2026 оны наймдугаар сарын 17-28-нд болно.


Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангах үндэсний хороо байгуулжээ. Энэхүү хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ахалж буй. Тус үндэсний хорооныхон СОР17 хурлын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах байршилд ажиллав. НИТХ-ын тогтоолоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулахаар баталсан байна.


Энэ байршилд бүтээн байгуулалтын ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга хэлэхдээ, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 920 га талбайгаас СОР17 үндсэн үйл ажиллагаа болох бүтээн байгуулалт хийх талбай нь 29.9 га, үүнээс барилгажих талбай нь 5.6 га байна. Нийт 930 машины авто зогсоол, 20 түр байгууламж барина. Автозам, барилгын ажлыг энэ жилдээ эхлүүлнэ. Инженерийн шугам сүлжээ, ус, мэдээлэл холбооны сувагчлалын ажил төлөвлөгөөний дагуу эхлээд явж байна" гэв.


Мөн зочид төлөөлөгчдийг хүлээн авах, зохион байгуулагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа талаар БОУАӨ-ийн сайдын Зөвлөх Д. Батмөнх, Бэлтгэл ажлын албаны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар Б.Батбаатар сайдад танилцуулж, зарим асуудлаар санал солилцлоо.

 

Связанные новости