Францын баруун өмнөд нутагт ойн түймэр дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-06 14:40:33

ПАРИС, 2025 оны наймдугаар сарын 6 /AFP/. Францын баруун өмнөд хэсэгт орших Корбьер нуруунд гарсан түймрийн улмаас томоохон хурдны зам хаагдаж, есөн хүн гэмтэж бэртсэнээс нэгийнх нь биеийн байдал хүнд байна гэж орон нутгийн албаныхан мэдэгджээ.


Рибауте тосгоноос эхэлсэн түймэр 11 мянган га талбайг хамраад байна. Долоон гал сөнөөгч болон өөр хоёр хүн гэмтэж бэртсэний дотор нэг хүний биеийн байдал хүнд буюу хүнд түлэгдсэн” гэж Од бүсийн удирдлагууд мэдээлсэн байна.


Эхний түймрээс баруун хойд зүгт 20 км зайд дахин нэг түймэр дэгджээ. Тус бүсэд нэг тосгоныг хэсэгчлэн нүүлгэн шилжүүлж, орон нутгийн хэд хэдэн замыг хаасан байна. Тухайлбал, мягмар гарагт Францыг Испанитай холбосон A9 авто замын зарим хэсгийг хаажээ. Перпиньон болон Нарбонн хотуудын хоорондох замын хэсэг мөн түймэрт өртсөн байна.


Мягмар гаргийн орой Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, түймрийн тархалт нэмэгдэж байгааг дурдаад, үндэсний бүх нөөцийг дайчилсан гэлээ. Од бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Люси Роешийн мягмар гарагт Франс Пресс агентлагт мэдээлснээр, цаг агаарын нөхцөл байдал тааламжгүй байгаа тул түймэр маш хурдан тархаж байгаа ажээ.


Түймэртэй тэмцэхийн тулд 1200 гаруй гал сөнөөгчийг дайчилж, гал унтраах усан онгоцуудыг ашиглаж байна. Францын Гал түймэртэй тэмцэх албаны X хуудсанд мягмар гарагт нийтэлсэн дүрс бичлэгээс үзэхэд, тосгоны ард талаар түймэр асаж, тэнгэр хар утаагаар бүрхэгдэж байгаа нь харагджээ.

Связанные новости