МИАТ компанийн “Ирвэс” шинэ агаарын хөлөг 12265 км замыг туулж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-30 17:29:47

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос Канад улсын Bombardier үйлдвэрийн CRJ-700 маягийн агаарын хөлөг 12265 км замыг туулж Монгол Улсад өнөөдөр ирлээ.


Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн мэдээлснээр, Bombardier үйлдвэрийн CRJ-700 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа дахин нэгийг ашиглахаар нэмж авсан байна. Тус компани 2024 онд авсан “Мазаалай” нэршилтэй CRJ-700 агаарын хөлгөөр ӨМӨЗО-ы Хөх хот болон орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байгаа бол агаарын шинэ хөлгөө “Ирвэс” хэмээн нэрлэж ойрын зайн нислэг үйлдэх ажээ.


Bombardier CRJ-700 агаарын хөлөг нь нэг цагт дунджаар 1.5тн түлш зарцуулдаг, нэг  суудалд зарцуулах түлшний хэмжээ 21.4 литр юм. Бүхээгийн хувьд хөлийн зай том, суудал өргөн, дээд талын тээш хадгалах зайн багтаамжийг нэмэгдүүлсэн зэрэг давуу талтай.


Мөн дэвшилтэт аэродинамик бүтэц болон орчин үеийн GE CF34 хүчирхэг турбофан хөдөлгүүрээр тоноглосон нь хөөрөлтийн үед 61.3kN хүртэл хүчийг гаргадаг байна. Газарзүйн нийцлээс гадна нислэгийн алслалт, түлш зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал багатай учир МИАТ компанийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогод нийцэж буйгаараа онцлог юм.

 

Связанные новости