Голын усны түвшин нэмэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон голын усны түвшин Өлзийт, Орхонтуул сумдын орчимд, Онги гол Сайхан-Овоо, Булган гол Байтаг сум орчмоор усны түвшин өнөөдрийн байдлаар 10-20 см-ээр нэмэгдсэн байна.
Мөн Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-20 см даван үерлэсэн байгаа аж.
Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх юм.
Иймд иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрсөн зам гүүрээр зорчихыг холбогдох албаныхан зөвлөж байна.