Украинд Patriot цогцолборын пуужинг нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-14 09:40:40

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 14 /Reuters/. Агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” цогцолборын пуужинг АНУ-аас Украинд нийлүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт буюу өчигдөр Мэрилэнд муж улс дахь Эндрюс нэгдсэн баазад (Joint Base Andrews, JBA) байх үеэрээ мэдэгдсэн байна.


Гэхдээ тэрбээр Украин улс хэдэн ширхэг пуужин хүлээн авахыг хэлээгүй байна. Д.Трамп хэлэхдээ, Украинд зенитийн пуужингийн “Patriot” цогцолборт зориулан “тодорхой тооны” пуужин нийлүүлнэ гэж мэдэгджээ.


Ингэхдээ Вашингтон эдгээр пуужинг Европын Холбооны (ЕХ) зарим улсад худалдах бөгөөд тэдгээр орнууд нь Украинд нийлүүлэх аж. “Бидний хувьд энэ бол бизнес байх болно. Бид украинчуудад яаралтай хэрэгтэй байгаа "Patriot" системийн пуужингуудыг илгээнэ” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ хэлжээ. Харин ЕХ-ны аль улсуудад уг пуужинг зарах тухайд Д.Трамп тодорхой дурдаагүй байна.


“Бид НАТО-д зэвсэг илгээж байгаа, НАТО энэ зэвсгүүдийн төлбөрийг 100 хувь төлж байгаа...Илгээж буй зэвсгүүдийг НАТО дараа нь Украинд нийлүүлнэ” гэж тэрбээр өмнө нь долоодугаар сарын 10-ны орой NBC News сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдэж байсан юм.


Связанные новости