Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-03 19:14:45

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 3 /TASS/. Украины боксчин Александр Усик, Британийн боксчин Тайсон Фьюри нар гурав дахь удаагаа халз тулаан хийхээр тохиролцжээ. Энэ тухай Т.Фьюри Instagram сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна.


Тулаан ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд Лондоны "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болно.


Өдгөө 38 настай Усик Дэлхийн боксын холбоо (WBA, "супер" ангилал), Дэлхийн боксын байгууллага (WBO), Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) аваргын бүсүүдийг эзэмшдэг. Энэ сарын 19-нд тэрбээр боксын хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөө Даниэл Дюбуатай тулалдана. Усик мэргэжлийн боксын рингэнд 23 удаа ялж /14-т нь хүнд цохилтоор/, нэг ч ялагдаагүй байна.


Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард IBF холбооны аваргын бүсээс татгалзсан юм. Үүнээс өмнөхөн түүний тухайд "тогтоосон хугацаанд бүсээ хамгаалах тулаан хийж амжихгүй тул IBF-ийн аварга цолыг нь хурааж магадгүй" гэсэн мэдээлэл цацагдаад байсан юм. Харин Дюбуа өнгөрсөн оны 9 дүгээр сарын 21-нд нутаг нэгт боксчин Энтони Жошуаг ялж, IBF-ийн аваргын бүсийн эзэн болжээ. 


Өдгөө 36 настай Фьюри 34 удаа ялж /14-т хүнд цохилтоор/, 2 ялагдаж, 1 удаа тэнцсэн байна. Тэрбээр 2020 оны хоёрдугаар сард Америкийн боксчин Деонтей Уайлдерыг 7-р үед техникийн нокаутаар ялснаар WBC-ийн аваргын бүсийг хүртжээ. 2021 оны аравдугаар сард Уайлдерыг хоёр дахь удаагаа 11-р үед техникийн нокаутаар ялсан бол 2022 оны дөрөвдүгээр сард нутаг нэгт Диллиан Уайтыг 6-р үед техникийн нокаутаар, 12 дугаар сард нутаг нэгт Дерек Чисораг 10-р үед мөн техникийн нокаутаар ялсан байна. Дараа нь чансаа тогтоох тулаанд “Ultimate Fighting Championship” холбооны бүсийг эзэмшиж байсан Францын Фрэнсис Нганнуг шүүгчдийн шийдвэрээр ялж байв. 


2024 оны тавдугаар сард тэрбээр Усикт ялагдаж, WBC-ийн дэлхийн аварга цолоо алджээ. 2024 оны 12 дугаар сарын 21-нд Усикээс даагаа нэхсэн боловч мөн л ялагдсан байна. 2015 оны 11 дүгээр сард Фьюри Украины боксчин Владимир Кличког ялж, Олон улсын боксын холбоо, Дэлхийн боксын холбоо, Дэлхийн боксын байгууллагын аварга цолыг хүртсэн юм. Үүний дараа тэрбээр эрүүл мэнд, мансууруулах бодисын асуудлаас үүдэн 2 жил хагасын хугацаанд боксын рингэнд гараагүй юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд Фьюри зодог тайлж буйгаа зарласан боловч энэ сарын 2-нд Саудын Арабын Энтертайнментийн ерөнхий газрын дарга Турки Аль аш-Шейх хэлэхдээ, Фьюри мэргэжлийн боксын рингэнд эргэн ирж байгааг мэдэгдсэн байна. 





Связанные новости