Усанд осолдсон иргэдийн 41 хувь нь долоодугаар сард бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд бүртгэсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн долоодугаар сард амь насаа алджээ.
Мөн усны ослын хувьд 12 гол, хоёр нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар хоёроос дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, таван хувь нь Орхон голд осолджээ. Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол нэлээд гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол хамгийн их бүртгэгдээд байгаа аж.
Харин улсын хэмжээнд он гарсаар зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 39 удаагийн тохиолдол бүртгэж, 23 хүн амиа алдсаны 16 нь том хүн, долоо нь хүүхэд байгаа юм.
Тиймээс иргэд,
аялагчдыг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа
хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа
хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс
сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.