Гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.
Энэ хүрээнд Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. Уг замыг энэ сарын 2-ны 23:00 цагт хааж, долоодугаар сарын 5-ны 06:00 цагт нээх аж. Мөн Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 км авто замыг хааж, шинэчилнэ.
Харин Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг өчигдрөөс хэсэгчилж хаасан бөгөөд долоодугаар сарын 4-ний 06:00 цагт нээх аж. Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.