"Архангай-100" явган алхалтад 140 гаруй алхагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-01 15:59:18

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Архангай аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, аймгийн явган алхалтын холбоотой хамтран "Арын сайхан Архангай-Хүннү гүрний нутгаар" 100 км-ийн алхалтыг 2025 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Алхалт Өгийнуураас эхэлсэн юм.


Алхалтад Улаанбаатар хот, 21 аймгийн салбар холбоодын 140 гаруй алхагч гурван өдрийн турш хамтдаа Архангай аймгийн Өгийнуур, Эрдэнэбулган, Ихтамир сумын байгалийн онцгой үзэсгэлэнт тогтоц бүхий нутгуудаар алхаж, Хүннү гүрний агуу түүх, Архангай аймгийн түүх соёлын талаар мэдлэгээ тэлж, явган алхалтын эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг сурталчилсан үр дүнтэй ажил болжээ.


Уг 100 км алхалтад Эрүүл мэндийн газрын албан хаагчдаас дөрвөн хүн баг болж оролцсон байна.


Өдөрт 10000 алхмыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан шатнаас татгалзаж аль болохоор алхахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.


Алхахын ач тус маш их.

1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.
2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.
3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдэлийг багасгана.
4. Холестриний хэмжээ ихсэх эрсдэлийг багасгана.
5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдэлийг багасгана.
6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшлыг сайжруулна.
7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40 хувь багасна.)
8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг)
9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.
10. Нойронд сайн болж, стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэгт тустай. 



Связанные новости