"Челси" клубүүдийн ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 29 /TASS/. Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах /ДАШТ/ тэмцээний 1/8 шигшээ тоглолтод Английн "Челси" баг нэмэлт цагт Португалын “Бенфика” багийг 4:1-ээр хожлоо.
Хожсон багийн гоолуудыг оруулсан тоглогчид бол Рис Жеймс (64 дэх минут), Кристофер Нкунку (108), Педру Нету (114), Кирнан Дьюсбери-Холл (117) нар байлаа. Харин хожигдсон багийн гоолыг Анхель Ди Мария (90+5, пенальти) оруулжээ. Нэмэлт цагийн эхэнд “Бенфика”-гийн тоглогч Жанлука Престиани хоёр дахь шар хуудас авч талбайгаас хөөгдсөн байна.
Цаг агаарын таагүй байдлын улмаас тоглолтыг 86 дахь минутад түр зогсоож, хоёр цаг орчмын дараа үргэлжлүүлжээ.
Шөвгийн наймд “Челси” Бразилын “Палмейрас” багтай тоглоно. “Палмейрас”-ын бүрэлдэхүүнд тоглож буй хагас хамгаалагч Эстевао клубүүдийн ДАШТ-ий дараа Лондоны багт шилжих юм. Багуудын тоглолт долоодугаар сарын 4-нд болно.
Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж байсан Ди Мария “Бенфика”-гийн төлөө сүүлчийн тоглолтоо хийжээ.
Клубүүдийн ДАШТ долоодугаар сарын 13-нд дуусна.