Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-25 17:05:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Омни ассет хоёр ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цанг цохилоо.


Тус компани олон нийтэд зориулан 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, жилийн 19.2 хувийн өгөөжтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна.


СЗХ хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага, салбарын оролцогчидтой хамтран сүүлийн жилүүдэд бондын зах зээлийг хөгжүүлэхээр аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ээлтэй, уян хатан бодлого барьж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд өртөг бага, богино хугацаанд санхүүжилт татах нөхцөл бүрүүлэхээр холбогдох дүрэм, журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар зах зээлд бонд гаргах нь нэмэгдсээр байна. Тухайлбал, 2020-2024 онд 21 компани бонд гарган 1.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бол 9 компани 16 удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, 273.85 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.


Энэ нь хөрөнгийн зах зээлд оролцогчид тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болох бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж санхүүжилт татах сонирхол нэмэгдэж байгаагийн илрэл гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал энэ үеэр хэлсэн үгэндээ онцлов. 

Связанные новости