СЭЛЭНГЭ: Алтанбулаг сумын баяр наадмын тов хойшиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-25 12:12:20

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Онцгой комиссын 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрээр Алтанбулаг сумын баяр наадам буюу Хувьсгалчдын баяр тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

 

Тус сумын нутаг дэвсгэрт гарсан түймэр бүрэн унтарч дуусахад дахин тов тогтоож мэдэгдэнэ гэдгээ сумын Онцгой комисс мэдэгдлээ.

 

Өнөөдрийн байдлаар Алтанбулаг сумын Тужийн нарсны тусгай хамгаалалттай газар Доргон толгойд гарсан түймэр 3 дахь өдрөө үргэлжилж байна.

 

Алтанбулаг сумаас 25, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газраас 48, Тужийн нарсны тусгай хамгаалалттай газраас 8 нийт 81 албан хаагч 5 бүлэг болон хуваагдан ажиллаж байна.

 

Монгол улсад төдийгүй дэлхийд ганц байдаг Тужийн нарсаа ой хээрийн түймрээс хамгаалахын тулд иргэд, ААН, байгууллагууд хандив туслалцаа үзүүлж, мөн биечлэн сайн дураараа оролцож байгаа юм.

 

Алтанбулаг сумын тухайд Хувьсгалын өлгий гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа Монгол наадмын салхийг хагалж жил бүрийн 6-р сарын 26-ны өдөр Хувьсгалчдын баяраар монгол наадмаа эхэлдэг уламжлалыг хадгалдаг онцлогтой юм.

Связанные новости