ТӨВ: “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч мэргэжилтний оролцоо” ур чадварын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч мэргэжилтний оролцоо” ур чадварын тэмцээнийг Монгол туургатан театрт 6 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд Эмчилгээ оношилгооны тасаг нэгжийн их эмч,
сувилагч нар болон 5 бүсийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн
нийт 40 гаруй их эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн авьяас билиг, ур чадвараараа
өрсөлдлөө.
Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяагаас тодруулахад, Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ойг угтан олон ажил төлөвлөсөн. Үүний нэг нь энэхүү орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилготой уг тэмцээн юм.
“Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч мэргэжилтний
оролцоо” ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. Тэмцээнийг багуудын
мэндчилгээ, амилуулах лавшруулсан тусламж үзүүлэх гардан ажилбар, амилуулах
тусламжийн мэдлэг үнэлэх сорил, халдвар хамгааллын дэглэм, стандартын
мөрдөлтийн мэдлэг үнэлэх асуумж гэсэн 4 үе шаттайгаар зохион байгууллаа.
Эрчимт эмчилгээний эмч Т.Бямбасүрэнгээс тодруулахад, 2024 оны
2-р хагасын байдлаар Төв аймгийн хэмжээнд 16 амьсгал, зүрх зогсох тохиолдлыг цэнхэр
кодын дагуу тусламж үйлчилгээ үзүүлж, аварч чадсан. Цэнхэр код нь аюулын түвшин
өндөр өвчтөнд яаралтайгаар бужигнаж, сандралгүйгээр, эмч, эмнэлгийн
мэргэжилтэн бүр өөрт ногдсон ажил үүргээ хийж гүйцэтгэж, тасралтгүйгээр тусламж
үйлчилгээ үзүүлэх явдал гэсэн юм.
Тэмцээний тэргүүн байрт аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхэд,
мэдрэлийн хамтарсан баг шалгарч, дэд байрыг Мэс засал, дотрын хамтарсан баг, гутгаар
байрыг Баруун Зуунмод ӨЭМТ, тусгай байрыг Баруун бүс /Эрдэнэсант, Лүн,
Алтанбулаг, Өндөрширээт, Аргалант/ сумын хамтарсан баг тус тус эзэлжээ.