Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги 65 мянга гаруй иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 13:51:55

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын ууган анги НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиож байна.


Түүхэн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож, хэлсэн үгэндээ “Нэгэн зууны түүхэн хугацаанд тус анги нь хөгжил дэвшлийн бахархам замналыг туулан эдүгээ олон улсын жишигт нийцсэн барилга, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчин бүхий төр засаг, иргэд олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээсэн мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна. Энэ нь залуу халуун насаа энэ байгууллагын төлөө зориулсан манай ахмад үеийнхний хичээл зүтгэл, эх орон, ард түмэн, албаныхаа төлөө алтан амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдийн минь гавьяа юм” гэв.


Ардын Засгийн газрын 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар хуралдаанаар нийслэл хүрээнд галын аюулаас сэргийлэх газар байгуулахаар шийдвэрлэж, 1925 оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар 10 алба хаагчтай анхны галын ангийг “Усан хөөргийн газар” нэртэй байгуулсан нь тус ангийн эхлэл болсон түүхтэй юм.


Тус ангийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт дуудлагын 70-80 хувьд буюу 43.752 удаагийн гамшгийн голомтод ажиллаж, гал түймрээс 1.5 их наяд төгрөгийн өмч хөрөнгө, 65.829 иргэний амийг авран хамгаалсан байна.


Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахмад үеийн арвин их хөдөлмөр, бүтээл байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.


Түүхийн энэ хугацаанд тус ангийн үе, үеийн алба хаагчдын дундаас “Үйлчилгээний гавьяат ажилтан”-2, “Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан”-26, “Онц гал сөнөөгч”-72 төрөн гарсан байна.


 

Связанные новости