Үндэсний шигшээ багийн тамирчид хагас жилд 90 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-18 09:15:36

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд өвөл, зун болон паралимпын 27 спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилалтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.


2025 оны эхний хагас жилийн байдлаар шигшээ багийн тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээнээс 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Үүнээс зургаа нь ДАШТ, 16 нь ААШТ-ий медаль байгаа юм. Мөн “Их дуулга”-аас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гранпри тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.


Манай тамирчдаас энэ жилийн медалийн салхийг олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах хагалсан юм. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон тэмцээний гүйлтийн цанын 15 км, 10 км-ийн зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл отгон амжилтын эзнээр Будапештын дэвжээнээс хүрэл медаль хүртсэн Б.Ганхайч тодроод байна.


Связанные новости