А.Дюплантис дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СТОКХОЛМ, 2025 оны зургаадугаар сарын 16 /BBC/. Шведийн тамирчин Арман Дюплантис Стокхолм хотноо болсон “Diamond League” тэмцээний үеэр 6.28 м өндөр дээгүүр харайснаар тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг 12 дахь удаагаа эвджээ.
Өдгөө 25 настай тэрбээр энэ удаа дэлхийн дээд амжилтыг анх удаагаа Шведэд шинэчилснээрээ онцлогтой байлаа. АНУ-д төрсөн А.Дюплантис нь Мондо хочоороо алдартай бөгөөд ээжийнхээ эх орон болох Шведийг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцдог юм.
Олимпын хошой аварга А.Дюплантис дээд амжилтыг
эвдсэнийхээ дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, би яг одоо бүрэн дүүрэн мэдрэмжийг мэдэрч байна хэмээн хэлжээ.
“Би анх 11
настайдаа энэ цэнгэлдэх хүрээлэнд харайж байхад бороотой, хүйтэн өдөр байсан, тэр үед би яг дөрвөн м-ийн
доогуур харайж байсан, нас бага байсантай харьцуулахад энэ бол нэлээд өндөр үзүүлэлт байсан. Энд дэлхийн дээд
амжилтын эздийн нэрийг сийлдэг. Цэнгэлдэх хүрээлэнд миний нэрийг сийлнэ гэдэг надад үнэхээр онцгой санагдаж байна. Би хувьдаа энэ цэнгэлдэхийг хамгийн
үзэсгэлэнтэй цэнгэлдэх хүрээлэн гэж
боддог. Миний замналын
хамгийн сайхан дурсамжуудын нэг энэ
байх болно” хэмээн тэрбээр ярьжээ.
А.Дюплантис 2020 оны хоёрдугаар сард Польшт 6.17 м-ийн дээгүүр харайснаар Францын тамирчин Рено Лавилленигийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг анх эвдэж байжээ. Шведийн нийслэлд болсон тэмцээний үеэр шведчүүдийг баярлуулсан өөр нэгэн үйл явдал нь Андреас Алмгрен эрэгтэйчүүдийн 5000 м-ийн зайд түрүүлснээр Европын дээд амжилтыг тогтоосон явдал байв.